Энэ сарын 26-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас БНСУ-ын Сөүл хотноо “Монгол гэр бүл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.
“Монгол гэр бүл” нээлттэй өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв зэрэг төрийн байгууллагууд оролцож иргэдэд Засгийн газрын бодлого, шийдвэр, хууль тогтоомж, салбарын үйл ажиллагааг таниулан сурталчилж, төрийн үйлчилгээг хүргэн, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.
“Монгол гэр бүл” өдөрлөгийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Сүхболд нээж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулав.
Өдөрлөгийн хүрээнд гадна талбайд төрийн үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөн, хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж, үндэсний тоглоом, наадгай тоглох, сурах үйл ажиллагаа, монгол, солонгос номын худалдаа, солилцоог зохион байгууллаа.
Арга хэмжээнд оролцсон иргэд “Гадаадад амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж, төрийн үйлчилгээг сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өгч байх нь чухлыг “Монгол гэр бүл” өдөрлөгийн үйл ажиллагаа харууллаа” гэж хэлж байв.
Хилийн чанадад анх удаа зохион байгуулсан энэхүү өдөрлөг нь Монгол Улсын иргэн, гэр бүл, хүүхдэд чиглэсэн цогц арга хэмжээ болсон төдийгүй цаашид “Монгол гэр бүл” өдөрлөгийг БНСУ-ын бусад хотуудад зохион байгуулах боломжтойг ч албаны хүмүүс мөн дурдсан юм.