БНСУ-ын Хууль зүйн яам өнөөдөр буюу 2024 оны 9 сарын 27-ны өдөр хууль бус гадаадын иргэдтэй тэмцэх хоёр дахь удаагийн хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болсноо зарлав.
Хэрэгжүүлэх хугацаа: 2024 оны 09 сарын 30~11 сарын 30 хүртэл 2 сарын турш үргэлжилнэ.
Хамтран оролцох төрийн байгууллага: Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба.
Анхаарал хандуулах гол газрууд: Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид, хар тамхи, хүргэлтийн байгууллага, үзвэр үйлчилгээний газарт хамааралтай гадаад иргэд, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд, хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэд.
Энэхүү баривчилгаатай зэрэгцэн “Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн сайн дураар нутаг буцах аян”-ыг давхар хэрэгжүүлж байгаа бөгөөд сайн дураараа хилээр гарсан хууль бус гадаадын иргэдийг торгууль, хилээр дахин нэвтрүүлэх хязгаарлалтаас чөлөөлөхөө мэдэгдсэн байна.
Харин Засгийн газрын 5 яамны хамтарсан арга хэмжээний үеэр баривчлагдсан тохиолдолд торгууль ногдуулах, албадан гаргах, хилээр ахин нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээ авах юм байна. Хууль зүйн сайд Пак Сон Жэ “Бид хууль бусаар оршин суух явдлыг бууруулах бодлогыг тууштай баримталсаар байх болно” гэжээ.