БНСУ-д мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдийг амжилттай нутаг буцахад нь дэмжих зорилгоор төрөл бүрийн мэргэжлийн сургалтыг БНСУ-ын ХЭХЯ-аас зохион байгуулдаг. Энэ сургалтуудад хамрагдсанаар иргэд эх орондоо очсоныхоо дараа тодорхой нарийн мэргэжлээр ажиллаж, амьдрах боломж бололцоо илүү нээгддэг юм.
Энэ жилээс БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдээ БНСУ-д байх хугацаандаа тус улсын техник технологиос суралцах, нарийн мэргэших, эх орондоо очоод эзэмшсэн ур чадвараа ашиглан ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч байна. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв K-дижитал трэйнинг сургалт, мэдээлэл технологийн боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг БНСУ-ын “Спретикс” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааг албажуулж 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Санамж бичигт гарын үсэг зуран, уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар “Спретикс” ХХК нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол оюутан, залууст мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх компьютерийн программ хангамжийн мэдлэг, ур чадвар олгох зорилгоор веб хөгжүүлэгч бэлтгэх, кодинг бичих, компьютерийн мэргэжлийн сургалтын төвийг ажиллуулж байгаагаа танилцуулсан юм. Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх, Е-9 визээр ажиллаж буй гэрээт иргэд болон Монгол Улсын нийгмийн даатгалд даатгуулагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо. Иймд БНСУ-д мэдээлэл технологийн чиглэлээр суралцах, ажиллах хүсэлтэй иргэд “Спретикс” ХХК-ний монгол ажилтантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын үйлчилгээний төвийн лавлах утас: 02-2266-8228 Facebook page: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
БНСУ-ын “Спретикс” ХХК-ийн монгол менежер Урьхантай холбогдох дугаар: 010-2629-2750 Facebook page: CodingOn Mongolia