Энэ сарын 9-ний өдөр БНСУ дахь Монгол сургуулийн 280 гаруй сурагчдад Монгол-Солонгосын байгууллагуудын хамтарсан сургалт зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр ХНХҮТ-ийн гэр бүл, хүүхэд хариуцсан мэргэжилтэн А.Лхагвамаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн талаар тайлбарлаж, мэдлэг мэдээлэл өгөв.
Мөн энэ сургалтаар монгол хүүхдүүд Гванжин дүүргийн эмэгтэйчүүд гэр бүлийн тасгийн ажилтан болон Сөүл хотын Цагдаагийн газрын Монгол талын төлөөлөгчөөс өсвөр насны хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин дахь дарамт, дээрэлхэлт, цахим орчинтой холбоотой гэмт хэрэгт холбогдохгүй байх, өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах зэрэг зөвлөгөө, мэдээллийг авлаа. Хүүхдүүдийн дунд цахим орчны мөрийтэй тоглоомд донтон хаашаа хандахаа мэдэхгүй байх тохиолдлууд олон гардаг аж. Ийм үед Гванжин дүүргийн эмэгтэйчүүд, гэр бүлийн тасагт хандвал хамгаалах бүх арга хэмжээг авч ажилладаг байна. Сөүл хотын Цагдаагийн газрын Монгол талын төлөөлөгч “Гадаадын иргэн визтэй эсэхээс үл хамааран эрхээ эдлэх ёстой. Ямар нэг байдлаар хэрэгт холбогдсон, хохирогч болсон бол цаг алдалгүй өөртэй нь холбогдож тусламж зөвлөгөө авч болно” гэдгийг хэлж өгөн “Тавдугаар сар нь Солонгос улсын хувьд “Гэр бүлийн сар”, хүүхэд бүр эрүүл, гэр бүлтэйгээ аз жаргалтай байж, зөв иргэн болж төлөвшин Солонгосоос ихийг сурч мэдээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай” гэлээ.