Өнөөдрийн байдлаар БНСУ-ын ихэнх эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ үзүүлэлгүйгээр, шаардлага хангасан эсэхээ овог нэр, оршин суугчийн регистрийн дугаар, гадаадын иргэний үнэмлэхний дугаараар баталгаажуулан эмчилгээ хийлгэх боломжтой байгаа юм.
Харин БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газраас энэ сарын 20-ны өдрөөс “Эмнэлгийн байгууллагад өвчтөний бичиг баримтыг заавал шалгах тогтолцоо”-г хэрэгжүүлж эхлэхээ зарлав.
БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнд үйлчлэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эсэхийг баталгаажуулах ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна.
Иймд тус улсад оршин сууж буй Монгол Улсын иргэд 2024 оны 5 сарын 20-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлэх, эм авах тохиолдолд гадаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтаа биедээ авч явж байна уу.
БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газраас бусдын нэр, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг хулгайлах, ашиглах зэрэг хууль бусаар эмчилгээ, эмийн жор авах хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүгийн алдагдлаас сэргийлэх зорилгоор энэхүү тогтолцоог хэрэгжүүлж байгаа бөгөөд бусдын эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг өөрийнх мэт нууцаар ашиглах, бусдад шилжүүлэх, түрээслэх зэргээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг залилан мэхлэх гэмт хэрэг 2021 онд 32605, 2022 онд 30771, 2023 онд 40418 удаа гарчээ.