БНСУ дахь ХНХҮТ-өөс шинээр ирж буй Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалтыг 2024 оны 3 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвийн хичээлийн танхимд болж Төвийн сургалт хариуцсан мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд хийдэг танхимын сургалт нь дэлхий нийтийг хамарсан Корона вирусын цар тахлын улмаас 4 жил гаруй хугацаанд тасалдаад байсныг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе, БНСУ дахь ХНХҮТ-өөс сэргээх санал тавьснаар хэрэгжиж эхэлж байна.
Энэ удаагийн сургалтад үйлдвэрлэлийн салбарт ажиллах 70, үйлчилгээний салбарт ажиллах 18, нийт 88 гэрээт ажилчин хамрагдлаа.