БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг, Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн нар 2024 оны 3 сарын 15-16-ны өдрүүдэд БНСУ-ын Тэгү, Тэжон, Нунсан, Игсан хотуудад ажиллаж, амьдарч буй зарим хөдөлмөрийн гэрээт иргэдтэй уулзан ажлын байр, амьдарч буй орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ удаа БНСУ-ын Тэгү хотын “Тэдугон об” ХХК, Тэжон хотын “Тэжон ASR” ХХК, Нунсан хотын “Конгган маыл” ХХК, “Хан тек” ХХК, Игсан хотод үйл ажиллагаа явуулдаг “Тудам” ХХК зэрэг үйлдвэрүүдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нийт 26 иргэнд нийгмийн даатгал болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудаар Төвийн мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөө өгч, зарим үйлдвэрүүдийн удирдлагатай уулзан санал сэтгэгдлийг нь сонсов. Тухайлбал, Нунсан хотын “Конгган маыл” компанийн захирал Ким Ыньгён “Монгол Улсаас ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэд ажилд сайн, хариуцлагатай залуус. Эдгээр ажилчдын визний асуудлыг хөнгөн, нааштай шийддэг болох нь чухал байна. Гэрээгээр ажиллаж буй иргэдийг тогтвортой нөхцөлөөр үргэлжлүүлэн ажиллахад нь заавал нутаг буцаахгүйгээр визийг шууд сунгадаг болбол хаа хаанаа ажил, амьдрал алдагдахгүй сайн шийдэл болно” гэсэн саналыг хэлж байв. “Конгган маыл” компани нь эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэж БНСУ-ын сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлдэг бөгөөд манай улсын 8 иргэн тус үйлдвэрт Е-9 визээр ажиллаж байна.
/Зураг дээр: Нунсан хотын “Конгган маыл” компанийн монгол ажилчид/