2023 оны 12 сарын 6-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс томилогдсон баг Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанийн мах ангилах үйлдвэрт ажиллаж, хөдөлмөрийн гэрээт иргэдтэй уулзан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр “Чам Ёньфүүдвэль” компанийн захирал Ким Мён Вонд төвийн “Хүндэт өргөмжлөл”-ийг гардуулж манай улсын гэрээт ажилчдыг олноор ажиллуулж, тусалж дэмжин, монгол хүнд итгэл хүлээлгэж цех хариуцуулж байгаад талархлаа илэрхийлэв. Гэрээт ажилтан М.Лхагважавд мөн “Хүндэт өргөмжлөл” гардуулсан бөгөөд тус компанийн захирал Ким Мён Вон хэлсэн үгэндээ “Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс манай үйлдвэрт зорин ирж бидний үйл ажиллагаатай танилцан, санал бодлоо хуваалцаж буй явдалд их баяртай байна. Манай үйлдвэр нийт 93 ажилтантай, 3 салбар ангилах үйлдвэртэй. Нийт 6 монгол ажилчин гэрээгээр ажилладаг. Бид ирэх жил Пусан хотод байгуулах салбар үйлдвэртээ Монгол Улсын гэрээт ажилчдыг түлхүү авч ажиллуулна. Учир нь монгол ажилчид сэтгэлтэй, авхаалж самбаатай, аливаа зүйлийг хурдан сурч, сайн ажилладаг. Өнөөдөр манай ажилчин М.Лхагважавт шагнал гардуулсанд маш их баярлаж байна. Тогтвортой нөхцлөөр дахин ирж, амжилттай ажиллаж буй М.Лхагважав хамт олноо манлайлан, зөв үлгэр дуурайлалтай, мах ангилах цехээ амжилттай удирдан, хариуцан ажиллаж байгаа” хэмээн монгол ажилчдынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцав. Томилолтын багийнхан Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанийн мах ангилах үйлдвэрийн монгол ажилчдад сэтгэл зүй, нийгмийн даатгалын багц хууль, Е-9 визээс К-пойнт Е-7-4 ахисан түвшинд хөрвөх зэрэг шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч санал хүсэлтийг нь сонсов.