2023 оны 11 сарын 22-нд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо” хэлэлцүүлгийг Сөүл хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жон Шиг, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын дарга Ли Ү Ён, АҮХНХЭГ-ын Олон улсын ажиллах хүчний бодлогын газрын дарга Ким Сон Жэ болон бусад албаны хүмүүс, ажиллах хүч илгээгч 16 улсын элчин сайд, хөдөлмөрийн атташе, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга нар, АҮХНХЭГ-ын улс орнууд дахь төлөөлөгчийн газар EPS төвийн мэргэжилтэн, орчуулагч зэрэг 90 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт илгээгч 16 орны элчин сайд, хөдөлмөрийн атташе, төвийн дарга нар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоотой холбоотой санал бодлоо илэрхийлэв. Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буянхишиг Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны талаар саналаа илэрхийлж тодорхой асуудлыг судалж үзэхийг хүслээ. Тухайлбал, нэг үйлдвэртээ тогтвортойгоор урт хугацааны турш тасралтгүй ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, гэр бүлийн хүмүүсийг нь Солонгос улсад чөлөөтэй ирж очих боломжоор хангах, мөн гэрээт ажилчдыг сонгон шалгаруулах насны хязгаарт уян хатан хандаж дээд хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцүүлгийн үеэр дурдаж санал болгов.
Гадаад ажилчдын нутаг буцах хөтөлбөрийг дэмжих, хууль бус иргэдийн тоог бууруулах зорилгын дор болсон энэхүү арга хэмжээний нэг гол үйл явдал нь өмнө нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр тогтвортой ажиллаад нутаг буцаж, эх орондоо амжилт гаргаж яваа иргэдийг улс бүрээс сонгон шалгаруулж, урьж авчран тус арга хэмжээнд оролцуулсан явдал байлаа. Эдгээр иргэд гэрээгээр ажиллаж байсан үеийнхээ бодит, хүнд хэцүү бэрхшээл, жаргал зовлонгоо хуваалцаж, EPS-тэй холбоотой шинэчилж өөрчлөх шаардлагатай асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.
Өмнө нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан дээрх 16 гадаад иргэнд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жон Шиг, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын дарга Ли Ү Ён нар шагнал гардуулсан бөгөөд уг шагналыг Монгол Улсаас О.Самбалхүндэв хүртлээ.
О.Самбалхүндэв нь 2007-2012 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцан эх орондоо амжилттай ажиллаж, бизнес эрхэлж байгаа Монгол Улсаас ирж ажилладаг мянга мянган хөдөлмөрч залуусын төлөөлөл юм. Тэрээр одоо эх орондоо хүүхдийн цэцэрлэг байгуулан, хэрэгцээт хүнсний ногоогоо өөрсдийн гараар тарьж ургуулан хүүхэд багачуудыг шинэ, эрүүл хүнсний ногоогоор хангаж ажилладаг гэдгээ илтгэлдээ дурдаж байлаа.