2023 оны 10 сарын 8-ны 14 цагаас ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн байранд Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад Ажилчдын хүний эрхийн төвөөс Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй дөрвөн томоохон төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Танилцуулга уулзалтыг БНСУ дахь “Дөрвөн бэрх залуус” холбооны тэргүүн М.Түмэнцэцэг нээж, Гадаад ажилчдын Хүний эрхийн төвийн ажилтан, БНСУ дахь ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Нарантуяа төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
БНСУ-ын Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад ажилчдын хүний эрхийн төвийн ажилтан Д.Нарантуяа гадаад иргэдэд чиглэсэн энэхүү төсөл хөтөлбөрүүдэд монголчуудаа илүү түлхүү хамруулахыг зорьж байгаагаа илэрхийлээд төсөл тус бүр дээр дэлгэрэнгүй тайлбар өгч иргэдийн сонирхсон асуултанд хариулав.
Мөн уулзалтанд оролцогчдод БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Ц.Бямбаа 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ.
Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад Ажилчдын хүний эрхийн төвөөс Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих төслийн бүртгэл 2023 оны 10 сарын 05 ~ 2023 оны 10 сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд төслийн талаар асууж лавлахыг хүсвэл 02-3785-0422, 010-8191-9408 дугаарын утсуудад холбогдож болох ажээ.