2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “ХурДан” төрийн үйлчилгээний цэгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд байршуулж, нээлтээ хийлээ.
“Солонгост оршин сууж буй иргэд ХНХҮТ-д байршуулж буй энэхүү “ХурДан” төрийн үйлчилгээгээр дамжуулан өнөөдрийн байдлаар 73 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, шуурхай авах боломжтой. Түүнчлэн төлбөртэй үйлчилгээний төлбөр тооцооны асуудлыг гадаадад хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсны дараа 440 орчим үйлчилгээг нэмж оператор, киоск машинаар дамжуулан шуурхай авах нөхцлийг бүрдүүлнэ. 2023 оны төгсгөл гэхэд шүүх, гааль зэрэг 55 байгууллагын 800-гаад үйлчилгээг “ХурДан” цэгээр хүргэж төрийн цахим үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна” хэмээн нээлтийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлэв. Мөн цахим гарын үсэг эндээс олгогдоод эхлэхээр Солонгос улсад амьдарч буй иргэд яг л Монголдоо Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж байгаа юм шигээр л үйлчлүүлэх боломжтой болох ба иргэд цахим гарын үсгээ ашиглан дэлхийн хаанаас ч гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, итгэмжлэлийн шаардлагагүй, цахимаар эрхзүйн бичиг баримтуудыг баталгаажуулж болох аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах Солонгост суугаа иргэдэд төрийн үйлчилгээ улам ойрхон, улам шуурхай болж буйд иргэдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд “Манай төв хэд хэдэн удаа ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга, мэргэжилтнүүдтэй холбогдож ажиллан бэлтгэл хангалаа. Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан асуудлууд эхнээсээ ийнхүү сарын дотор шийдэгдэн үр дүнгээ өгч буй нь үнэхээр сайн хэрэг болж байна. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах асуудал нэн шаардлагатай зүйлийн нэг байдаг. Монгол руу хүнээр захиж авчруулах, итгэмжлэл хийж явуулах зэргээр их ажил болж байж энэ асуудлыг шийддэг байсан. Одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр үйлчлүүлж хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар төрийн үйлчилгээ авдаг 4400 гаруй хөдөлмөрийн гэрээт иргэд, Солонгос улсад амьдарч ажиллаж буй 6350 оюутан, богино хугацааны визтэй 20800 орчим иргэд гэх зэрэг нийт 53 мянган иргэдийн амьдрал ахуйд “ХурДан” үйлчилгээ ашиг тусаа өгнө. Миний хувьд Монгол Улсын Засгийн газраас маш хэрэгтэй, том зүйлийг Солонгост байгаа иргэддээ зориулж шийдлээ гэж харж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдэд нэн тулгамдаад буй 10 асуудлыг шийдвэрлэхээр болсны нэг нь энэ үйлчилгээ бөгөөд Ерөнхий сайд Солонгост оршин сууж буй монгол иргэдэд зориулан “ХурДан” цахим үйлчилгээний машиныг байрлуулах, хилийн чанад дахь иргэд цахим гарын үсгийг ашиглах асуудлыг судлан шийдвэрлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосон билээ. Үүний дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Солонгос улсад ажиллаж байна. Солонгост буй иргэдэд зориулсан “ХурДан” төрийн цахим үйлчилгээг ХНХҮТ-өөс гадна БНСУ дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс, Бусан хотод суугаа Консулын хэлтэст тус тус нээж байгаа юм. Цаашид “ХурДан” төрийн цахим үйлчилгээг бусад улс оронд суугаа элчин сайдын яам, консулын газраар дамжуулан хилийн чанад дахь бүх иргэддээ ойртуулах ажээ.
Иргэд манай төвөөс ирж үнэ төлбөргүй авах боломжтой 73 төрлийн лавлагаа, тодорхойлолтын жагсаалтыг бид төвийн цахим хуудсаараа тусад нь дэлгэрэнгүй мэдээлэх болно.