2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь үйлчилгээний төвийн дарга Ф.Гойибназаров, мэргэжилтэн О.Милана нар зочлон төвийн дарга Д.Баярмандахтай уулзаж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.
Одоогоор Солонгос улсад Засгийн газар хоорондын гэрээний дагуу ажиллах хүч илгээгч 16 орон байгаагаас ердөө 4 улс л тус улсад гэрээт иргэдийнхээ асуудлыг хариуцсан албан ёсны төвийг байгуулсны нэг нь Узбекистан улс билээ.
Узбекистан улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа тус төв байгуулагдаад удаагүй ч Узбекистаны 60 мянга гаруй иргэн Солонгос улсад ажиллаж амьдардгаас 9000 орчим нь Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэд ажээ. Үүгээрээ манай улстай төстэй юм. Ийм ч учраас байгуулагдаад 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын ХНХЯ-ны харьяа ХНХҮТ-д зочлон туршлага судалж, үйл ажиллагаатай нь танилцаж буйдаа баяртай байгаагаа Ф.Гойибназаров дарга уулзалтын үеэр илэрхийлэв.
Төвүүдийн удирдлагууд хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэл ижил төстэй учир цаашид БНСУ-д ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд чиглэсэн, тэдний эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагаанд санал бодлоо солилцон, хамтдаа зөв шийдэлд хүрч ажиллах талаар хэлэлцсэн бөгөөд хууль бусаар ажил эрхлэгчдийн тоог бууруулах асуудал дээр ч хамтран ажиллахын чухлыг талууд дурдлаа.
Уулзалтын үеэр ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах Солонгост оршин суугаа иргэддээ зориулж суугаа орны болон Монгол Улсын хууль эрхзүйн орчинд гарсан шинэчлэл, журам дүрмийн өөрчлөлтүүд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хувь хүн хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ цаашид хөгжих боломжийн талаарх мэдээ, мэдээлэл зэргийг багтаасан хэвлэмэл календарь, сэтгүүлийг улирал тутам хэвлүүлэн үнэ төлбөргүй тарааж иргэдээ шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаагаа дурдсан юм.
Мөн шинээр ирж буй гэрээт иргэдэд цахимаар сургалт хийх, ирсэн иргэддээ Солонгосын харилцаа, холбооны компанитай хамтран чухал мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, цар тахлын нөхцөлд төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх ажлыг тасралтгүйгээр зохион байгуулж байгаа зэрэг олон талт үйл ажиллагаанаасаа танилцуулж, зочдын сонирхсон бусад асуудлуудаар харилцан ярилцав.
Сонирхуулахад, тус Бүгд Найрамдах Узбекистан Улс нь манай улстай дипломат харилцаа тогтоогоод энэ жил 30 жил болж байгаа бөгөөд Бухар, Самарканд хэмээх аялал жуулчлалын хотууд, Амударьяа мөрөн зэрэг олон зүйлээрээ алдартай Дундад Азийн улс юм.