“Тэд Монголын тухай”
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хотын гадаад иргэдийг түр хамгаалах төвийн дарга Кил Кан Мүгийн Монгол Улс, монголчуудын талаар бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Кил Кан Мүг дарга БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Ерөнхий консул, Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
МОНГОЛЫН ЦАГ ҮЕ
Уудам цэлгэр тал нутаг, зах хязгааргүй элсэн манхан, хүмүүний сэтгэлийг эзэмдэхгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль. Хүн төрөлхтөн, байгаль хоёр уусан нэгдэж нэгэн цөм болсон Монголын тал нутаг.
Солонгос ард түмэн сэтгэл тэнийм тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, үзэсгэлэнт байгалийг үзэж мэдрэхээр аялдаг улсын нэг нь Монгол юм. Сүүлийн үед Монголыг зорих солонгос жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Ковид-19 дэгдэхээс өмнө 2019 онд л гэхэд 100 000 хол давсан солонгосчууд Монгол руу аяллаар очсон бөгөөд энэ нь Орос, Хятадын дараа орж байна. Нөгөө талаар Монгол иргэд хамгийн ихээр ажиллаж, амьдарч буй улс нь Солонгос юм. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд жилд ойролцоогоор 1 их наяд 500 тэрбум воны орлогоо Монгол руу явуулдаг билээ.
Миний хувьд Монгол Улсад ажиллаж амьдарч байхдаа тус улсын төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзах үедээ нэг асуултыг наргиан болгож асуудаг байв. “Монгол улс хэдэн аймагтай вэ? гэж намайг асуухад бүгд л “21 аймагтай” гэж хариулна. Гэвч би 22 аймагтай гэж хэлмээр санагддаг. Зарим аймгийн хүн ам нь 20 мянга орчим байхад 50 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа Солонгос улсын хувьд нэлээд том аймгийн хэмжээнд дүйцэхүйц болж байна.
Солонгос Монгол хоёр орны дипломат харилцаа 1990 оноос эхлэлтэй. Монгол Улс нь Орос улсын дараа дэлхийд хоёрт орох социалист нийгмийг цогцлоосон ба 1990 оноос ардчилсан нийгэмд шилжин зах зээлийн эдийн засагтай болсон. Тэр цаг үеэс Монгол Солонгос улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосон билээ. Орос болон Хятад, Япон улстай дипломат харилцаа тогтоон гуравдагч хөрш орны гадаад бодлого баримталж, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн байна. Найрсаг хамтын түншлэлтэй дээрх хөрш орнууд дундаас Солонгос улс ч дээгүүр байранд орох нь зүйн хэрэг юм.
30 жилийн түүхэн харилцаатай хоёр улсад адил төстэй зүйлс их байдаг. Цайлган цагаан сэтгэлийг эрхэм болгодог зан чанар, хүнд хэцүү бэрхшээл тулгарсан ч ажралгүй даван туулах сэтгэлийн тэнхээ, ард түмний зан төлөв гээд ижил төстэй зүйл ихээр ажиглагддаг. Солонгос орны хувьд Японы эзлэн түрэмгийлэл, солонгосын дайны хүнд он жилүүдээс тодхон харж болно. Монголын ард түмэн ч улс үндэсний өв соёлоо хэвээр нь хадгалж, бахархаж, нэгдмэл байдгаараа онцлогтой билээ. Евро Азийг эзэлж байсан агуу их хүн Чингис хааны суут их ухаан, сүр хүч үр удамд нь өвлөн ирсэн гэлтэй, хүн ам нь цөөн ч ухаалаг, хүчирхэг язгуур удам угсааны үүсэл гаралтай нь тодхон харагддаг.
Хоёр улсын түүхийн хуудсыг сөхөн харвал үндэстний салан тусгаарлалтыг адилхан туулсан хүнд үеүд байсан нь харилцан биенээ илүү ойлгож мэдрэхэд дөхөмтэй байдаг болов уу.
Ялгаатай талын хувьд. Солонгос нь өнө эртнээс газар тариалан эрхэлж суурин аж амьдралтай байсан бол Монгол улс мал аж ахуй эрхлэн нүүдэлчин соёлыг хадгалсаар ирсэн. Мөн түүнчлэн газар нутаг багатай Солонгос улсад хүн амын тоо нь харьцангуй их, нягтаршил, бөөгнөрөл ихтэй аж төрдөг ч Монголын хувьд өргөн уудам тал нутагт хүн амын нягтрал багатай амьдардаг дэлхийн цөөхөн орны тоонд багтдаг.
Өнөөдөр Солонгос Монгол хоёр улс эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэх мэт бүхий л салбарт хамтран ажиллаж, харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлж байна.
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин Солонгосын эдийн засгийн хөгжлийг хөгжлийн нэгэн түлхүүр болгон харилцан туршлага судлан хэрэгжүүлж байна. Мөн монгол хүмүүс Солонгосын өвөрмөц соёлыг нэвтрүүлж, Солонгосын ард түмнийг илүү ойлгох анд нөхдийн харилцааг бэхжүүлж байна. Ийм нөхцөлд хоёр улсын нийгэм соёл, ард түмний найрсаг харилцааг авч явах залуу хойч үе өсөн нэмэгдсээр байна. Солонгос улсад их дээд сургуулиудад эрдмийн зэрэг дэв горилсон 1200 орчим оюутан залуусын урсгал Монголдоо буцан очиж нийгмийн бүх л салбарт голлох чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд өнөөгийн байдлаар арван мянга орчим монгол залуус Солонгост шамдан суралцаж байна.
Монгол Улс ирээдүйн үсрэнгүй их хөгжилд хүрэх цаг тун ойрхон харагддаг. Нийгмийн бүхий л салбарт залуу хойч үеийн нягт харилцаа холбоог илүү анхаарч идэвхийлэх нь чухал гэж харж байна. Солонгос Монголын залуу хойч үе, их дээд сургуульд эрдэм өвөртлөн сурч байгаа оюутнууд бүгд хоёр орны ирээдүйн хөгжлийн цөм нь билээ. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө та бидний хичээл зүтгэл чухал төдийгүй цаашлаад хоёр улсын Засгийн газар салбарын бодлогоор хамтран хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь манай хоёр орны найрамдалт харилцааг улам их бэхжүүлэх юм шүү гэсэн ерөөл билэгтэй сайхан үгээр энэхүү нийтлэлээ жаргаая.
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хотын гадаад иргэдийг түр хамгаалах төвийн дарга Кил Кан Мүг
Сөүл хот. 2021 оны 5 дугаар сар