Манай төвийн бэлтгэдэг “Монгол хүний хөгжил” подкастын гол зорилго бол Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ирээд өөрийгөө хөгжүүлж ахисан түвшинд хүрч, амжилттай яваа иргэдийнхээ туршлагаас хуваалцаж БНСУ-д ажиллаж амьдарч буй бусад залууст үлгэр дуурайл болгоход оршдог билээ. Подкастын хоёр дахь дугаарт 2007 онд анх Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ирээд улмаар Е-7-4 виз рүү шилжсэн хөдөлмөрч залуу Т.Есболат оролцлоо.
-Намайг Төмөрхааны Есболат гэдэг. 1984 онд Улаанбаатар хотод төрж өссөн. 2003 онд 79-р дунд сургуулийг төгсөж, ШУТИС-ийн инженерийн ангийг төгссөн.
-Энд ажиллаад олон жил боллоо. Солонгос хүмүүсээс ямар зан чанарыг сурч байна?
-Солонгос хүмүүсээс зөндөө зүйлийг сурч авлаа. Тууштай, хариуцлагатай, хөдөлмөрч, тусархаг, соёлтой, ажил хөдөлмөртөө чин сэтгэлээсээ ханддаг зан чанар гээд л хэлээд байвал олон бий.
-Солонгост ирсэн залуус ажилдаа чин сэтгэл гаргах тал дээр их зүйлийг сурч авдаг шиг санагддаг. Түүнээс гадна залуус маань ажиллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад их хамрагддаг. Ямар ямар сургалтанд хамрагдаж байсан бэ? Бусадтайгаа энэ талаар хуваалцаач?
-Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг их чухал зүйл. Хүн зорилготой байж, зорилгынхоо дагуу төлөвлөгөө гаргана. Боломжийг хайж эрэлхийлнэ. Гадаад ажилчид бол ажлын цаг ихтэй, урьд нь илүү цагтайгаа 12 цагаас дээш ажилладаг байсан, сүүлийн үед багассан. Хагас сайнд бас ажиллана. Бүтэн сайнд ерөнхийдөө амралтын өдөр болдог. Найз нөхөдтэйгөө уулзах зэрэг бусад хувийн ажлаа амжуулна. Эхний ээлжинд зорилго тавьсан л даа. Зорилгодоо хүрэхийн тулд сургалтанд хамрагдаад явж байгаа. Хамгийн түрүүнд хэлний түвшингээ сайжруулах сургалт. Бидний хар яриа бол жинхэнэ хэл биш, сургалтанд суугаад байхаар хэл ямар их хэрэгтэй вэ гэдгийг их ойлгодог.
-Солонгос Улсад гадаад иргэдэд зориулсан хэлний сургалтууд олон байдаг. Чи аль сургалтуудыг сонгон суралцаж байсан бэ?
-Топикийн сургалт, ур чадвар, мэргэшлийн сургалтууд, нутаг буцах хөтөлбөрийн сургалт гээд олон сургалтууд байдаг юм байна лээ. Миний хувьд хамгийн түрүүнд Топикт бэлтгэх сургалтанд суугаад, Цагаачлалын албаны сургалтыг бас мэдэж аваад бүртгүүлж суусан. Энэ бүхнийг мэдэж авахад хувь хүнээс хичээл зүтгэл, цаг хугацаа шаардагдана л даа. Гэхдээ ажлынхаа хажуугаар оюуны хөдөлмөр хийнэ гэдэг тийм амар биш. Өөрийгөө дайчлахад бас амаргүй. Өөрийгөө дайчилж чадах юм бол хэн ч зорьсон зорилгодоо хүрэх боломжтой гэж боддог. Гадаад иргэдийн чадавхийг хөгжүүлэх сургалт гээд Сөүл Глобал төв дээр сургалт явагддаг. Ингэж янз бүрийн сургалтанд хамрагдаад явж байхдаа мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ олон танилтай болно, танилын хүрээ өргөждөг сайн талтай. Бүтэн сайнаас гадна бүх нийтийн амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгөө уулзана, далай явна, салхинд гарна, шинэ жил зэрэг баяр ёслолын арга хэмжээнд оролцоно. Хүн ер нь ажил амралтаа зохицуулж байх хэрэгтэй гэж боддог. Хувийн зохион байгуулалт их чухал. Энэ улсад цаг хугацаа үнэхээр алт байдаг.
-Хүний нутагт хүн бүхэн өөр өөрийн зорилгоо тээж ирдэг. Солонгос Улсад гэрээгээр ирж байгаа залуусын гол зорилго бол мэдээж санхүүгийн эх үүсвэрээ улам сайжруулж, ирээдүйд санхүүгийн баталгаатай илүү сайхан амьдралын төлөө гэсэн зорилготой ирдэг. Солонгос орлого өндөр боловч үүнийгээ дагаад өртөг өндөртэй орон. Санхүү хуримтлалын тал дээр өөрийнхөө туршлагаас хуваалцахгүй юу. Хуримтлалыг бага гэлтгүй хийдэг дадалтай болох нь зөв байх, тийм үү?
-Санхүү бол маш том ойлголт. Одоо хүссэн хүсээгүй ямар ч улс оронд хүн бүхэнд санхүүгийн тухай мэдлэг их шаардагдаж байгаа. Орлого зарлагын балансыг хянаж байх хэрэгтэй. Үргүй зардлаа багасгаж, зорилгодоо тууштай байх хэрэгтэй гэж боддог. Зорьсон зорилго, бодсон бодолдоо хүрээд байхаар хүн их урамшдаг. Хүн өөрөө урмын амьтан гэдэг шүү дээ. Дараагийн том зорилго руугаа шат шатаар ахиж дэвшээд яваад байдаг. Мэдэхгүй юм их гарна, бүх зүйл цаг хугацааны эрхээр шийдэгдэнэ. Хамгийн гол нь тэвчээртэй, тууштай байх юм бол болно оо.
-Санхүүгийн сахилга баттай байж, тодорхой хугацаанд зорьсон зорилгодоо хүрээд эх орондоо буцдаг байх ёстой болов уу гэж боддог. Зарим хүмүүс санхүүгийн тал дээр хэтэрхий чөлөөтэй байж байгаад санхүүгээ хянаж хуримтлалаа үүсгээгүйн улмаас зорьсон зорилгодоо хүрэхгүй, түүнээсээ болоод хугацаандаа нутаг буцалгүй хууль бус болж үлддэг. Энэ нь эргээд цаашид гэрээгээр ирэх залуустаа сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар юу гэж бодож байна?
-Санхүүгийн талаар сайн мэддэг хүмүүсээс бас зөвлөгөө авч болно шүү дээ. Яаж хуримтлал үүсгэх, байраа яаж авах, лизингээ яаж хаах гээд олон талаар зөвлөгөө авахад хэлээд өгөх хүн зөндөө. Интернет, фэйсбүүкээс хайж, эрж болж байна. Өнөө цагт заавал их дээд сургуульд сураад мэргэжил эзэмших тийм чухал биш болсон, хаанаас ч хүн хүссэн зүйлээ мэдэж авах боломж байна.
-Тийм шүү. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн хувьд мэргэжил, боловсролоос гадна ур чадвар, ажлын дөр бас их чухал болоод байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хэрэгтэй зүйлээ сураад ирэхэд ч илүүдэхгүй шүү гэж залуустаа хэлмээр байдаг юм. Жишээ нь, гагнуурчин, барилгачин гэх мэт. Ирээд энэ чиглэлээр ажил хийхэд дөхөм байдаг байх?
-Цаг ягштал барьж сурч байна. Энэ бол өөрийгөө удирдаж байгаа чухал чанар. Үүрэг хариуцлагаа их ухамсарлаж байна. Технологийн хувьд бас их зүйлийг сурч байна. Бүх зүйл цаг хугацаатай, хамгийн гол нь сахилга бат. Сахилга бат бол хүнийг бүх зүйлд хүргэж байгаа хүчин зүйл гэж боддог.
-Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ирэхийг хүссэн, ирэх гэж бэлтгэж байгаа залуустаа юу хэлмээр байна.
-Гадаадад гарч ажиллана гэдэг бас тийм амар биш шүү дээ. Амар хялбар юм бодож ирж болохгүй. Сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй, биеэ бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Монгол дахь ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө зөвлөгөө сургаалийг нь сонсож, зорилгоо тодорхойлж, зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Зорилгогүй бол ямар ч утгагүй байх болно. Зорилготой байж өөрийгөө хүчилнэ, дайчилна гэж хэлмээр байна даа.
-Тийм шүү. Ирээд өдөр бүр зөв хэвшил дадлыг бий болгох хэрэгтэй байх. Амжилттай явж байгаа хүмүүс өдөр тутмын дадлыг эзэмшиж байж зорилгодоо хүрдэг. Гэтэл зарим хүмүүс өөрийн саар чанарыг ялан дийлэхгүйгээс зорилгодоо хүрч чадахгүй тааваараа яваад байдаг. Зөв дадлыг нэг өдөр шууд суулгах боломжгүй ч өдөр бүр бага багаар хэвшил болгоод байвал ямар ч хүн өөрийгөө ялж, зорилгоо биелүүлэх боломжтой байдаг шүү дээ?
-Тийм ээ, хааяа ажил тараад нуруу өвдөх ч юмуу, заримдаа залхуу хөдөлдөг ч юмуу үе байна аа. Энэ үед өөрийгөө удирдах чадвартай байх хэрэгтэй. Гүйж харайж хөлсөө гаргаж, сагс тоглох зэргээр цусны эргэлтээ сайжруулж болж байна. Интернэтээр дүүрэн гэртээ хийж болох дасгал байна. Дасгал хөдөлгөөн хийж өөртөө зөв дадлуудыг бий болгоод байвал зүгээр дээ.
-Монгол хүмүүсийн талаарх Солонгос ажил олгогчдын сэтгэгдэл өндөр санагддаг. Ажлын ачаалал даах, оюуны чадвар сайтай гэж үздэг юм байна лээ?
-Өөрийнхөө ажилладаг үйлдвэр дээр жишээ авахад л манайд Зүүн өмнөд Азийн улсуудаас гэрээт иргэд байдаг. Тэдний хувьд зарим нь санаачилга муутай гэдэг ч юмуу ажилдаа нэг тийм сул. Гэтэл монголчууд санаачилгыг гартаа аваад ажлаа сайн хийдэг, багаар ажиллах чадвар сайн санагддаг.
-Ийм шалтгаанаар Монголоос гэрээт ажилчин авах сонирхол их байдаг. Гэвч зарим нэг амьдрах орчин, ажиллах нөхцөлдөө дасан зохицохгүй, ажлаас шантардаг, ажлын байраа олон сольдог зэрэг шалтгаануудаас болоод ажил олгогчдын монгол ажилтныг үнэлэх үнэлгээ буурсан тал харагддаг. Тийм учраас залуустаа бага зэргийн бэрхшээлийг даван туулаад аль болох ажлын байрандаа дасан зохицож, тогтвортой ажиллаарай гэж хэлмээр байна. Ингэснээр өөртөө ч бусдадаа ч сайнаар нөлөөлнө шүү дээ?
-Зовлон бэрхшээл байхгүй бол хөгжил байдаггүй гэдэг. Нэг л мэдэхэд тэр бүгд ард үлдэнэ. Эргээд харахад бэрхшээлийг даван туулсан, хийж бүтээсэн зүйлтэй байна гэдэг сайхан шүү дээ.
-Есболатын цаашдын зорилго юу вэ? Эх орондоо хэзээ буцах төлөвлөгөөтэй байна?
-Цаашдаа боломж нөхцлөө бүрдүүлээд хоёр улсын хооронд чөлөөтэй ирж буцаад бизнес эрхлэх зорилготой байгаа даа. Намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ, ийм сайхан боломжийг олгосон төр засагтаа баярлалаа. Намайг тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Компанийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Хүн өөрөө зорьж хүсэх л юм бол хүн бүхний өмнө амжилтын хаалга нээлттэй байдаг юм шүү.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хамт олонд бас баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!
Ярилцсан: ХНХҮТ-ийн мэргэжилтэн Ц.Мөнхцацрал