-Манай төвийн урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Та БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулна уу?
-Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газар нь үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхлэх нөхцлөөр хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд барилгын салбар, хөдөлмөрийн эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг салбар тус бүрт сургалт хийж, төсөл хэрэгжүүлэн ажилладаг.
-Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ болон БНСУ-ын ХАБЭАХЭГ-ын хооронд өнгөрсөн оны 10 дугаар сард “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээний зорилго, ач холбогдлын талаар та ямар бодол, саналтай байгаа вэ?
-Манай 2 байгууллага нь өнгөрсөн онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь Солонгос улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн ажлын байран дахь үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион явуулах, мэдээ мэдээлэл солилцох, төвийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах зорилготой. 2020 оны хувьд “Ковид-19” цар тахлын улмаас хүндрэл бэрхшээл их байсан хэдий ч сургалт явуулах, аюулгүй ажиллагааны ном товхимол ханган нийлүүлэх, төвийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах зэргээр нэлээд үр дүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
-Солонгос Улсад Монголоос гадна олон орны иргэд ажиллах хүч солилцох тогтолцооны дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээр лүү чиглэсэн ямар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна?
-БНСУ-д гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдад зориулж EPS системийг ажиллуулж байна. Салбар тус бүрээс хамаарч сургалтын байгууллагууд өөр боловч БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын олон улсын сургалтын төвүүдийн хүсэлтээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг төв дээр биечлэн очиж зохион байгуулдаг. Мөн түүнчлэн томоохон аж үйлдвэрийн газрууд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр харъяа сургалтын төвөөс гадаад ажилчдад зориулж аюулгүй ажиллагааны сургалт явуулж байна. Хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааны чиглэл тус бүр нь ялгаатай учраас тухайн салбарын онцлогт нийцүүлсэн сургалтын арга барил ашиглаж, хичээлийн агуулга сэдэв бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Барилгын салбарын хувьд өндрөөс унах гэмтэх ослууд, үйлдвэр үйлчилгээний салбарт хавчуулагдах, дарагдах осолд ихэвчлэн өртдөг тул үйл ажиллагааны салбар, чиглэл тус бүрээс хамаарч сургалтаа өөр өөр арга барилаар явуулдаг.
-Гадаадын ажил эрхлэгчдийг осол гэмтэлд өртсөн байдлаар нь харьцуулсан судалгаа байдаг уу? Монгол хүмүүс ер нь бусад орныхонтой харьцуулбал осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тал дээрээ хэр түвшинд байдаг гэж та үздэг вэ?
-Судалгааны хүрээлэнгээс гадаад ажилчидтай холбоотой үйлдвэрийн ослын харьцуулсан судалгааны хувьд “Гадаад ажилчдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дагаж мөрдөх зааварчилгаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааны ажил хийгдсэн байдаг ч өөр улс орны иргэдийн үйлдвэрийн ослын харьцуулсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Цаашид энэ сэдвээр илүү нарийвчлан дэлгэрэнгүй судалгаа боловсруулж ажиллах болно. Солонгос улсад ажиллаж буй Монгол улсын иргэдээс гадна бусад илгээгч улс орны гадаад ажилчдын дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн хүнд нөхцөлтэй жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллаж байгаа нь үйлдвэрийн осолд өртөх эрсдэлт хүчин зүйл болж байна.
-БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас ХНХҮТ-ийн мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтууд зохион байгуулж эхэлсэн. Энэхүү сургалтын онцлог юу вэ? Юугаараа бусад сургалтаас ялгаатай болж байгаа вэ?
-Ерөнхий үндсэн сургалтаар ажил олгогч болон ажилчдад зориулсан үйлдвэрийн осол гэмтлээс сэргийлэх аюулгүй ажиллагааны сургалтыг зонхилон явуулдаг. Энэ сургалтанд хамрагдаж байгаа БНСУ дахь ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд солонгос хэлний мэдлэг чадвартай учраас хөдөлмөрийн гэрээт ажилчдад зориулж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар үндсэн мэдлэг ойлголт өгөх чадвар эзэмших зорилготой. Үүгээрээ бусад сургалтаас онцлогтой гэж болох юм. 2020 онд БНСУ-дахь ХНХҮТ-ийн мэргэжилтнүүдэд зориулж аюулгүй ажиллагааны анхны сургалтаа явуулснаар мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх мэдлэг чадвар нэмэгдэхэд ихээхэн ач холбогдолтой байсан.
-2021 онд ажил эрхлэгч гадаадын улс орнууд, тэр дундаа Монгол Улстай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээр ямар ямар дорвитой ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-2021 онд хэрэгжих сургалтууд нь хөдөлмөрийн салбар тус бүрээр илүү мэргэшүүлэх ба төвийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн салбарын мэдлэг ур чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар төлөвлөж байна. Сургалтын сэдэв болон хугацааг Covid-19 цар тахлын байдлаас хамаарч хоёр тал харилцан тохиролцон шийдвэрлэнэ.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гэдэг бол хүний амь нас, эрүүл мэндийн хамгийн том хамгаалалт гэж боддог. Та энэ асуудлыг хариуцан ажилладаг хүний хувьд энэ талаар хүмүүст энгийн үгээр сайхан тайлбарлаж хэлж өгч болох уу?
-Хөдөлмөрчин хүн ажилдаа яваад тарах хүртэл ажлаа л хийдэг. Гэвч үйлдвэрийн ослоос болж ажилдаа явсан иргэн хэн ч бай, та болон таны гэр бүл буцан ирэхгүй байх харамсалтай явдал тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин ажиллах нь иргэн та болон таны эрдэнэт амь насыг аврах, эрүүл энх ажиллаж амьдрах баталгаа болдог юм шүү гэж хэлмээр байна.
-Хэрэв энэ үйл ажиллагаа орхигдвол хувь хүн, цаашлаад улс оронд ямар хор хохирол учирдгийг тооцоолж гаргасан сонирхолтой жишээ, тоо баримтуудаас хэлж өгч болох уу?
-БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын 2019 онд урьдчилан хийсэн судалгаа, статистик тоон мэдээгээр 2020 онд үйлдвэрийн ослын хохирлын нөхөн төлбөрт 1 их наяд 27,6 тэрбум вон төлж, үйлдвэрийн ослоор 855 хүн амь насаа алдах тухай таамаг гарсан байдаг. Үйлдвэрийн ослоос эдийн засагт учруулах хохирлыг тооцоход хохирлын нөхөн төлбөр, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчийг хөгжүүлэх хугацаа, эдийн засгийн зардлууд зэрэг багтдаг.
-Таны зүгээс манай хөдөлмөрийн гэрээт иргэдэд хандан хэлж, захих зүйл юу вэ?
-Сүүлийн үед Аж үйлдвэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хүнд, ноцтой осол эндэгдэл гарсан аж ахуйн нэгжид оногдуулах торгууль шийтгэл нэмэгдсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л зүйл нийгмийг хамарсан, анхаарлын төвд байдаг, чухал хөндөгдсөн асуудал болсоор байна. Аюулгүй ажиллагааны мөрдөх зарчим гэдэг нь дотоод, гадаад улсын харъяалал, нас, хүйс ялгахгүйгээр хөдөлмөрийн талбарт ажиллаж байгаа иргэн таны эрх, үүргийн асуудал билээ. Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөж буй монгол иргэд та бүхний хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө манай хэрэг эрхлэх газраас бүх хүчээ дайчлан ажиллах болно. БНСУ-дахь ХНХҮТ-ийн хамт олон та бид хамтын хүчээр монгол иргэдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чанарыг сайжруулахын төлөө хамтран ажиллах болно.
-Танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье!
Ярилцсан: Мэргэжилтэн Д.Үнэнбат